Ноотууд
ЦИТРУСЛЭГ ҮНЭР
Үнэртний ертөнцөд цитрус гэдэг нэршил нь бүх гесперид (Hesderidia) жимснүүдийн төрлийг багтаадаг. Эртний Грекийн домогт гардаг ойн савдагуудын нэрээр Hesperidia гэж нэрлэгджээ. Гесперид жимс нь зузаан бэрсүүт хальстай, дотроо шүүслэг бөгөөд хэд хэдэн хэсэгт салдаг жимс юм. Нэг жишээ нь бидний сайн мэдэх мандарин юм.
Мөн цитруслэг нэршилд жимснээс гадна ойролцоо үнэртэй ургамлууд орно. Вербена болон лимонник өвс нь нимбэг шиг үнэртдэг ба үнэртэнд маш эртнээс хэрэглэгддэг байжээ. Харин орчин үед помело, грейпфрут, юзу болон хассаку жүржнүүдийг өргөнөөр хэрэглэж эхлээд байна.
Цитрусын үнэт тосыг ихэвчлэн хальсийг нь шахах аргаар гарган авдаг ба харин гашуун жүржийн модны мөчир навчнаас уураар нэрэх аргаар гаргаж авдаг байна. Ийнхүү уураар нэрж гаргасан үнэт тосыг Петит Грэйн (Petitgrain) гэж нэрлэнэ.
Цитрус нь үнэртний толгой ноотонд орж цэвэрхэн оргилуун үнэрээр хамар гижигдэн сэтгэл сэргээж өөдрөг нарлаг мэдрэмжийг төрүүлдэг.
Бергамот нь сонгодог Eau de Cologne томъёоны салшгүй хэсэг бөгөөд ер нь цитрус нь хүчтэй цэцэг болон давирхайлаг үнэртэй дорнын төрлийн үнэртнүүдэд оролцдог сонгодог ноот юм. Мөн жимслэг сүрчигнүүдэд исгэлэн үнэр нэмж чихэрлэгийг нь багасгах үүрэгтэй оролцдог байна.
илүүг...
ЖИМС, НОГОО, САМАР
Цитрус төрлийн жимснүүдээс бусад жимсний ноот нь сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгдэж байгаа учир өөрийн гэсэн ангилалтай болох шаардлагатай болсон билээ. Харин хүнсний ногооны ноот түгээмэл биш бөгөөд заримдаа огт өөр ургамлаас ойролцоо үнэрийг нь гаргаж авдаг. Жишээ нь: манжингийн үнэрийг өөрөөс нь биш харин цахилдаг цэцэгний үндэслэг ишнээс гаргаж авдаг байна.
Жимс болон хүнсний ногоо нь бүтцэндээ усыг ихээр агуулдаг учир үнэт тос олборлох маш хэцүү. Тиймээс одоог хүртэл эдгээр ноотыг лабораторид хиймлээр бүтээж байгаа болно.
Эдгээр ноотнууд нь сэргэг шүүслэгээс авахуулаад ялзарч муудсан болон нууцлаг гэх мэт маш олон төрлийн үнэрийг хамардаг.
2000-аад оны үед жимсний ноотууд үнэртний жимслэг цэцэгсийн төрөлд маш түгээмэл хэрэглэгддэг байв. Жишээ нь тоор, чавганы ноот нь Persicol хэмээх алдартай суурьны гол орцонд ордог байна. 20-р зууны эхэн хагаст бүтээгдсэн олон алдартай сүрчигнүүдэд Persicol-ийг хэрэглэж байжээ.
Үнэртэнд ордог самарны ноотнуудаас хамгийн түгээмэл нь бүйлс (almond) бөгөөд Нарангарав цэцэгтэй адилхан үнэртдэг тул андуурах тохиолдол их гардаг. Цаашлаад Bois Farine сүрчигэнд ордог газрын самар (peanut), Praline de Santal, Mechant Loup сүрчигнүүдэд ордог ойн самар (hazelnut) зэрэг ноотудыг нэрлэж болно.
Эдгээр ноотуудыг мөн хиймлээр гаргаж авдаг байна.
Самарлаг ноотууд нь ветивер шиг хөнгөн дэгдэмхий болон хөрслөг материалыг маш гайхамшигтайгаар тушиж өгч чаддаг билээ. Үүний нэг жишээг Hermessence-ийн Vetiver Tonka сүрчигнээс үнэрлэж болох юм.
илүүг...
ЦЭЦЭГСИЙН
Цэцэгнүүд санаанд оромгүй олон төрлийн үнэрийг бидэнд мэдрүүлэх шидтэй. Жишээ нь: иланг-иланг цэцэгний толгой ноот нь гадил жимс шиг, шинэхэн сарнайнаас дарс мэт, нарангарав цэцэгнээс бүйлс шиг, шинэхэн түүсэн булцуйт цэцэгнээс гавар маягийн, османтусаас чангаанзны үнэр, замбага цэцэгнээс нимбэгэрхүү, лаванда цэцэгнээс чихэрлэг гэх мэт маш баялаг үнэр ялгардаг нь гайхалтай.
Сарнай, мэлрэг, булцуут, лаванда, османтус, хилэн цэцэг, иланг-иланг, хуурай цэцэгтэн зэргээс үнэт тосыг нь олон янзын аргачлалаар гарган авч болдог бол фрезиа, цээнэ, хөндийн сараана, ичимхий, нарангарав, нарцисс, гиацинт, нил цэцэгсийн үнэт тосыг гаргаж авах боломжгүй тул химийн аргаар ноотуудыг нь бүтээдэг байна.
Усны сараана, бадамлянхуа, нил цэцэгс тос ялгаруулдаг ч гаргаж авахад их өндөр зардалтай. Маш багаар олдворлогддог учир зөвхөн нийш (тусгай сонирхлын) болон гар аргаар байгалын гаралтай бүтээгдэхүүн хийдэг компаниуд л ашигладаг байна.
Цэцэгсийн үнэр нь уянгын болон эмэгтэйлэг шинжийг үнэртэнд шингээж өгөхөөс гадна толгой ноотуудыг дэгдэж түгэхэд нь тусалж, давирхай бальзам гэх мэт хүчтэй орцуудыг зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Байгалийн гаралтай цэцэгсийн ханд нь сэтгэл зүйд нөлөөлж, сэтгэл санааг сэргээх увьдастай гэж ароматерапи үздэг.
Цэцэгс нь цэцэгсийн ангилалын үнэртэнд гол үүрэг гүйцэтгэдэг хэдий ч хамгийн хөнгөн eau de cologne хэлбэрээс авахуулаад хамгийн өтгөн хурц дорнын болон маш эрэгтэйлэг үнэртэнд ч ямар нэг хэмжээгээр ороцсон байдаг. Тэр тусмаа цэцэгт дорнын ангилалын үнэртэнд орохдоо дорнын хурц ноотуудыг даван үнэртэж чаддаг гайхалтай орц юм.
илүүг...
ЦАГААН ЦЭЦЭГСИЙН
Энэ нь Цэцэгсийн бүлгийн дэд бүлэг боловч “Цагаан Цэцэгсийн” хэмээх бүхэл бүтэн үнэртний ангилалын суурь болдог учир өөрийн гэсэн байр суурийг зүй ёсоор эзэлдэг билээ. Цагаан цэцэг бүлэгт жүржийн цэцэг, мэлрэг, гардения, булцуут цэцэг, улаан мэлрэг цэцэгс багтдаг. Балт далан хальс цэцэг уг нь шар өнгөтэй байдаг ч ичимхий цэцгийх шиг шар үнэр ялгаруулдаггүй.
Хөндийн сараана харин хэдий цагаан өнгөтэй ч үнэртний мастер Edmond Roudnitska-гийн үзсэнээр гиацинт болон нарциссын төрлийн үнэртэй байдаг тул “ногоон цэцэгсийн” ангилалд багтдаг байна.
Цагаан цэцэгс нь бусад цэцгүүдээс илүүтэй мансууруулам үнэртэй байдаг ба өтгөн, баялаг ноотууд нь сүчигийг туйлын эмэгтэйлэг шинжтэй болгох шидтэй.
илүүг...
НОГООН, ӨВСЛӨГ, ФЮЖЕР
“Ногоон” гэдэг нэршлээр бид шинэхэн хадсан ногоон зүлэг болон няцалсан навчисыг илэрхийлнэ. Энэхүү ангилалд мөн галбанум мэтийн сонгодог хурц үнэртэй охь бас багтдаг бөгөөд энэ нь хурц гашуун ногоон үнэртэй өндөр өвсний давирхай юм. Balmain брэндийн винтэж Vent Vert сүрчигний хаврыг санагдуулам толгой ноотонд анх гол үүргийг гүйцэтгэн орж байжээ.
Мөн инжирийн навч нь химийн аргаар гаргаж авдаг өвөрмөц ноот бөгөөд орчин үеийн инжир-тэй сүрчигнүүдэд наргил модны самарын чихэрлэг үнэрийн тусламжтайгаар гашуундуу ногоон шинжийг олгодог байна. Бас нэг сонирхолтой навчны ноот гэвэл Sisley-гийн Eau de Campagne, A.Goutal -ийн Folavril , Les Belles de Nina Ricci-гийн Liberte Acidulee сүрчигнүүдэд ордог улаан лоолийн навчны үнэр юм.
Нил цэцгийн навч нь орчин үеийн сүрчигнүүдэд өргөнөөр хэрэглэгддэг ноот ба дөнгөж хэрчсэн өргөст хэмх маягийн усархаг мэдрэмжийг ихэвчлэн эрэгтэйлэг сүрчигнүүдэд цогцлоодог байна. Цайны навчны ноотууд нь дэд ангилалд багтдаг бөгөөд ногоон, улаан, цагаан, хар гэх мэтийн цайнууд нь өвөрмөц анхилуун үнэрийг сүрчигнүүдэд нэмдэг.
Өвслөг гэдэг нэршилийг үнэртэн бүтээгчид “анхилуун ноотуудыг” багтааж тодорхойлдог. Үүнд розмарин, ганга, батраш, бэзил гэх мэт бидний хоолондоо хэрэглэдэг ногоонууд ордог. Бусад энэдбэл, эгэл годил өвс, цоор гэх мэт өвснүүд нь маш хурц өвслөг үнэртэй учир үнэртэнд орохдоо шууд үнэрээрээ үнэртдэг.
Ойм (Fern) нь үнэртний ертөнцөд Фюжер (fougère- францаар ойм гэсэн үг) нэршлийг бий болгосон ч өөрөөсөө бараг үнэр ялгаруулдаггүй өвс юм. Харин ногоон чийглэг ойг санагдуулам фюжер төрлийн үнэрийг лаванда-царс модны хөвд-кумарин гуравын холимогоос гаргаж авдаг байна. Энэ төрлийн үнэртний гол төлөөлөл нь 1882 онд Paul Parquet-ийн бүтээсэн Houbigant брэндийн Fougère Royale юм. Энэ нь чихэрлэг гашууны хольцийг модлог, чийглэг, сэрүүн шинж төрхтэй хослуулж хийсэн сүрчиг бөгөөд фюжер төрлийг эрэгтэйлэг сүрчигнүүдийн гол болоход нь чухал үүрэг гүйцэтгэжээ.
Оймын охийг Aspidium -ийн дэгдэмхий уусгагчаар гаргаж авч болох боловч хангалтгүй жэмжээгээр л ялгардаг байна. Тиймээс илүү олдворлогддогоор нь амтлагч болон өвслөг ноотууд нэмэгдсэн Анхилуун Фюжер гэх дэд ангилалын эрэгтэйлэг сүрчигнүүд түгээмлээр үйлдвэрлэгддэг болжээ.
илүүг...
АМТЛАГЧУУД
Амтлагчуудын бүлэг нь хоолонд өргөнөөр хэрэглэгддэг тул үнэртний ноотуудын маш танил ангилал юм. Шанц, перец, гоньд, цагаан гаа гэх мэт зарим амтлагчууд бидний гал тогоонд байдаг бол гүргэм, тамаринд, ягаан перец гэх мэт амтлагчууд ховор нандин бөгөөд олдоц хязгаарлагдмал байдаг. Жинхэнэ амтлагчууд хатаасан хэлбэртэй байдаг боловч хахуун (oregano) гэх мэт зарим амтлагчид нь өвслөг хэлбэрээрээ ч хурц үнэртэй байдаг тул хатаасан хатаагаагүй аль ч хэбэрээрээ хэрэглэгдэж болдог байна.
Амтлагчуудыг “халуун ба богино”, “сэрүүн ба урт” гэж ангилдаг. “Халуун ба богино” нь шанц мэтийн богино хугацаанд халуун мэдрэмж төрүүлдээд өнгөрдөг амтлагчууд юм. Харин “сэрүүн ба урт” ангилалд нь кориандер, эгэл гоньд, кардамом гэх мэт сэрүүн мэдрэмжийг урт хугацааны турш төрүүлдэг амтлагчууд багтдаг. Үнэртэн бүтээгчид ямар сүрчиг хийхээсээ шалтгаалан амтлагчуудыг тохируулан хэрэглэж ижил төстэй эсвэл эрс тэс нооттой хольж үнэртнээр дамжуулах гэсэн санаагаа илэрхийлдэг байна.
илүүг...
ЧИХЭРЛЭГ БА ГУРМАНД ҮНЭРҮҮД
Амтлаг ноотуудын бүлэг нь 1990-2000 онуудад Дорнын ангилалын дэд ангилал болох Гурманд сүрчигнүүд гарч ирснээр өөрийн гэсэн байр сууриа тогтоож чаджээ. Ихэвчлэн ваниль дээр суурилсан эдгээр үнэртнүүд нь шоколад, карамель, шинэхэн цөцгий гэх мэт энгийн үнэрээс авахуулаад макарон, крем брюлэ, капкэйк, самартай чихэр гэх мэт илүү сонирхолтой амттангуудын үнэрийг хамарсан байдаг.
Хамгийн анхны амжилт олсон гурманд сүрчиг бол 1992 онд бүтээгдсэн Angel юм. Карамель болон шоколадны үнэрийг Етил малтол гэх химийн бодисоос, какао-ны үнэрийг байгалын пачулигаас гарган авч стандарт болсон Етил Ванилинийг хольсноор энэхүү сүрчиг бүтжээ. Angel нэрд гарсанаас хойш амттаны ноотууд ихэд дэлгэрч орчин үеийн үнэртний хамгийн чухал ноотуудын нэг нь болж тогтсон байна. Хэдийгээр зарим нэгэн байгалын гаралтай материалууд чихэрлэг амттаны үнэр ялгаруулдаг ч ихэнх ноотуудыг хиймлээр гаргаж авдаг.
Ихэнхдээ эмэгтэйлэг сүрчигэнд хэрэглэгддэг ч гурманд ноотууд нь эрэгтэйлэг үнэртэнд бас хэрэглэгддэг.
Эдгээр хоолны төрлийн ноотууд нь зөвхөн үнэртэхээс гадна амтлах мэдрэхүйг өдөөн амт үнэр нийлж байж жинхэнэ утгаараа хоолны амт мэдрэгддэгийг давхар нотолдог байна. Мөн аз жаргалтай, цоглог мэдрэмж төрүүлэхээс гадна үнэртнийг шинэлэг өнцгөөс хүлээж авах боложийг олгодог.
илүүг...
МОД БА ХӨВД
Модлог ноотууд нь үнэртний бат бөх суурь нь болж бусад ноотуудын үнэрийг дэмжих үүрэгтэй оролцдог. Анхилуун мод (Rosewood) шиг маш цөөхөн модлог ноот л үнэртний толгой болон зүрхэн ноотонд ордог байна.
Олон мод байдгийн хирээр модлог ноотууд маш олон янз. Зарим нь гваяк мод шиг давирхайлаг, зарим нь шинэхэн харандаа мэт (хуш мод), зарим нь зандан мод шиг сүү, цөцгийн зөөлөн мэдрэмж төрүүлсэн үнэртэй байхад зарим нь Агар мод шиг маш хурц, баялаг, олон талсттай, самар, хөгц, гааны үнэртэй байдаг. Мөн гацуур, шилмүүс гэх зэрэг модны ноотууд нь шинэ жилийн уур амьсгал, мэдрэмжийг үнэртэнд шингээхэд хэрэглэгдэж болдог.
Хэдийгээр модлог ноотуудыг модны үртсийг нь шүүслэх эсвэл уураар нэрэх аргаар гарган авч болдог ч ихэвчлэн лабораторид хиймлээр бүтээдэг байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй, хямд төсөр бөгөөд тогтвортой нийлүүлэлттэй байдгаараа давуу талтай.
Ветивер, пачули хоёр нь мод биш боловч модлог үнэр ялгаруулдаг тул энэ бүлэгт багтдаг. Ветивер нь маш нарийн үндэсний системтэй өвс бол пачули нь дорнын орнуудад ургадаг бутны навч юм.
Модлог ноотууд нь ихэвчлэн эрэгтэйлэг үнэртэнд өргөнөөр хэрэглэгддэг ч орчин үед ядаж нэг модлог ноот ороогүй эмэгтэйлэг сүрчиг бараг байхгүй болсон гэж хэлж болно.
Дэд групп болох Хөвд нь модон дээр ургадаг шимэгч хаг хэлбэрийн ургамлууд юм. Эдгээр нь маш өвөрмөц үнэртэй бөгөөд Олон Улсын Үнэртний Холбооны хяналтын улмаас аль болох ойролцоо үнэрийг хиймлээр гаргаж авахыг үнэртэн үйлдвэрлэгчид хичээсээр байна.
Хөвд нь бэх мэт гашуундуу үнэртэй ба намрын ойн хөрсийг санагдуулам өтгөн шавар, хар ногоон өнгөний мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс ч хөвд нь шипр болон фюжер ангилалын сүрчигнүүдэд ордог гол ноот болдог байна.
илүүг...
ДАВИРХАЙ БА БАЛЬЗАМ
Давирхай ба бальзам бүлэгт багтах түүхий эдүүд нь ихэвчлэн Дорнын ангилалын үнэртэнд ордог бөгөөд үнэртний хамгийн эртний орцуудын нэгэнд тооцогддог байна. Эдгээр нь үнэртэх шинжээрээ өөр өөр төрөлд хуваагддаг.
Хөнгөн бальзамик төрөлд ваниль, бензойн, Перу бальзам, Толу бальзам (Перу бальзамтай ойролцоо боловч арай чихэрлэг, сэргэг) зэрэг багтана. Эдгээр нь зөөлөн үнэртэй ч өвөрмөц бөгөөд тойрон бүчиж тархах чадвартай. Мөн цэцэгсийн ноотуудыг үнэрээ удаан барихад нь дэмжлэг үзүүлж Цэцэгт Дорнын ангилалын сүрчигийг бүтээдэг байна.
Харин давирхайлаг бальзамик орц болох опопонакс, олибанум, мирр, хусны давирхайнууд болон стиракс нь илүү гүн өтгөн орцууд бөгөөд үнэртэнг өвөрмөц үнэртэй болгохоос гадна үнэр барилтыг нь сайжруулдаг. Эдгээр дусал нэлбэртэйгээр хатсан давирхайнууд нь модны холтосноос үүсэлтэй учир модлог ноотуудтай маш сайхан хосолдог байна.
илүүг...
ЗААР, ХУВ, АМЬТАНЛАГ ҮНЭРҮҮД
Амьтанлаг гэдэг нэршил нь шууд утгаар амьтны үнэрийг, эсвэл хүний амьтанлаг зөнг илэрхийлсэн хиймлээр гаргаж авсан төсөөллийн ноотуудыг илэрхийлнэ.
Урд нь амьтанлаг ноотуудыг хүдэр, минж, халим, цивет гэх мэт амьтадаас гаргаж авдаг байсан бол орчин үед амьтдыг хамгаалах үүднээс зөвхөн синтетик аргаар хиймлэээр гаргаж авах болжээ. Харин халимны бөөлжис байгалын жамаар ялгардаг учир халимны аминд халгүй хэдий ч маш ховор олдоцтой ба үнэтэй байдаг. Тиймээс ихэнхдээ синтетик аргаар гаргаж авдаг байна.
Заарны ноотыг лабораторид зуун зуун янзаар гаргаж авдаг бөгөөд Galaxolide, Habanolide, Ethyl Brassylate, Allyl Amyl Glycolate-уудын олон янзын хувилбар байдаг.
Хувны (amber) ноот ба халимны бөөлжис (ambergris) нь ялгаатай ноотууд юм. Хув нь Дорнын сүрчигэнд ордог дулаан, чихэрлэг, өтгөн гүн үнэр ялгаруулдаг давирхайнуудын хольц байдаг бол халимны бөөлжис нь чихэрлэг биш, давсархаг, арьсны гүн үнэртэй ноот юм.
Бас амьтанд халгүй олборлогддог зарим нэг орцууд бол xyrax-ийн хатсан ялгадас, ямааны ноосны хандмал, хуурсан далайн хясаа, зөгийн үүрний лав зэрэг болно. Цоор болон Амбретийн үр нь ургамал хэдий ч заартай төстэй амьтанлаг үнэрийг ялгаруулдаг байна.
Мөн төрөл бүрийн орцуудыг холих эсвэл химийн аргаар сүү, түрс, далайн од, гахайн утсан мах, шарсан мах, илгэ савхи гэх мэт амьтны гаралтай “төсөөллийн ноотуудыг” бүтээж үнэртэнд хэрэглэж байгаа билээ.
илүүг...
УНДААНУУД
Үнэртнүүд хольцондоо зарим нэгэн бидний дуртай түгээмэл ундаануудын үнэрийг оруулах нь байдаг. Жишээ нь: тансаг оргилуун дарсны охь, Кока-Коланы бага зэрэг түлэнхий чихэрлэг амт, Пиня Колада коктейлийн халуун орны төрх, аяга каппучиногийн өтгөн ааг. Эдгээр үнэрүүдийг дараахь аргуудаар бүтээдэг:
Тухайн ундааны жоронд орсон орцуудыг ашиглах. Жишээ нь: Кока-Коланд ногоон нимбэгний шүүс, ванилийн ханд, шанц, нероли, жүрж, кореандер, задь түлхүү орсон байдаг.
Адил төстэй үнэр ялгаруулдаг өөр төрлийн орцыг ашиглах. Жишээ нь: сарнайн охиос дарсархуу, арцны жимсгэнээс жин дарсны ноотуудыг гаргаж авч болдог.
Синтетик молекул ашиглан хиймлээр гаргаж авах.
Ундааны ноотууд нь ихэвчлэн жимслэг цэцэгсийн болон гурманд ангилалын үнэртэнд орж шүүслэг, амтлаг шинж төрхийг олгодог.
илүүг...
БАЙГАЛЫН БА ХИМИЙН ГАРАЛТАЙ, СОНИН СОДОН
Энэ бүлэгт хөрслөг, энгэсэг гэх мэт үнэртэнд ордог сонин содон ноотууд багтана.